Үйлчилгээний нөхцөл

ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БОЛОН ШААРДЛАГА

Энэхүү ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БОЛОН ШААРДЛАГА (цаашид “Үйлчилгээний нөхцөл” гэх) нь idax Бирж (цаашид “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч” гэх)-ийн зүгээс www.idax.exchange вэбсайт эсвэл гар утасны аппликейшн (цаашид хамтад нь “платформ” гэх)-ээр дамжуулан виртуал хөрөнгийн үйлчилгээ (Үйлчилгээний нөхцөлд тодорхойлсоноор)-г Харилцагчид үзүүлэх нөхцөл болон тавигдах шаардлагыг тодорхойлсон баримт бичиг болно.

Үйлчилгээний нөхцөлд Харилцагч Платформыг ашиглах нөхцөл болон үйлчилгээг тодорхойлсон бөгөөд бидний үйлчилгээг ашиглах үед мөрдөгдөх тул анхааралтай уншиж танилцана уу.

ТОДРУУЛГА:

  • Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь виртуал хөрөнгөтэй холбоотой харилцаанд хамаарах бүх асуудлыг тусгаагүй болно.

  • Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь зөвхөн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон Харилцагчийн хооронд үүсэх харилцааг зохицуулсан болно.

  • Виртуал хөрөнгө болон түүнд холбогдох харилцаа болон энэхүү Үйлчилгээний нөхцөлийн дагуу Харилцагчид олгосон эрх нь Монгол Улсын болон тухайн Харилцагч (доор тодорхойлсноор)-ийн оршин суугаа улсын холбогдох хууль тогтоомжоор хязгаарлагдаж болно.

  • Үйлчилгээний нөхцөл нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон Харилцагч нарын хооронд заавал дагаж мөрдөх шинжтэй, хууль ёсны гэрээний харилцааг бий болгоно.

  • Доор байрлах “Хүлээн зөвшөөрч байна” гэсэн товчийг дараагүй буюу энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй этгээдэд энэхүү Үйлчилгээний нөхцөл хамаарахгүй болно.

  • Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ, эсхүл холбогдох этгээдийн шийдвэрээс хамааран энэхүү Үйлчилгээний нөхцөл нь шинэчлэгдэх эсхүл өөрчлөгдөж болно.

  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийг үйлчилгээ авч байх хугацаанд өөрийн үйлчилгээг өргөтгөх, шинээр үйлчилгээ нэмж, тэдгээрт холбогдох үйлчилгээний нөхцөлүүдийг шинэчилж болно.

  • Үйлчилгээний нөхцөлд оруулсан аливаа өөрчлөлт нь платформд нийтлэгдсэн үеэс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

  • Үйлчилгээний нөхцөл шинэчлэгдсэний дараа ч Харилцагч үйлчилгээг үргэлжлүүлэн авч байгаа тохиолдолд Харилцагчийг Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

1. НЭР ТОМЬЁО

Энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог доорх утгаар ойлгоно. Үүнд:

“Виртуал хөрөнгийн арилжаа” гэж аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэний дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг;

“Виртуал хөрөнгийн арилжаа” гэж гэж Платформ дээр Таны хийж буй Виртуал хөрөнгийг Мөнгөн хөрөнгөөр арилжих, Мөнгөн хөрөнгийг Виртуал хөрөнгөөр арилжих, Виртуал хөрөнгийг Виртуал хөрөнгөөр арилжих гүйлгээг;

“Харилцагч” гэж доор байрлах “Хүлээн зөвшөөрч байна” гэсэн товчийг дарсан буюу энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээс үйлчилгээ авч байгаа этгээдийг;

“Харилцагчийн хаяг” Харилцагчийн Платформд нэвтрэхэд ашиглагдах хаяг (Account)-ийг;

“Платформ” Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хөгжүүлсэн, Харилцагчид санал болгож буй Блокчейн (blockchain) технологи дээр суурилсан вэбсайт, гар утасны аппликейшн, программ хангамжийн системийг;

“Виртуал хөрөнгийн данс” гэж Платформ дээр Харилцагчийн үүсгэн удирдах, мөнгөн хөрөнгө, виртуал хөрөнгийн үлдэгдэл, болон гүйлгээний мэдээллийг агуулсан дахин давтагдашгүй UID дугаар бүхий цахим дансыг;

“Фиат” гэж аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгтийг;

“Үйлчилгээний шимтгэл” гэж Үйлчилгээний нөхцөл болон Компаниас баталсан Үйлчилгээний шимтгэлийн нөхцөлд тусгасан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлсний төлөө Компанийн авч буй төлбөр, шимтгэл, хураамжийг;

“Улс төрд нөлөө бүхий этгээд” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компанийн дарга, захирал, гадаад орны төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн, улс төрийн болон засгийн газар, шүүх, цэрэг армийн өндөр албан тушаалтан, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, улс төрийн намын удирдлагад багтдаг хүн, олон улсын байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, дарга, захирал, орлогч захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээдийг;

“Өндөр эрсдэлтэй харилцагч” гэж улс төрд нөлөө бүхий этгээд, МУТС-тэй тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллагаас МУТС-тэй тэмцэх хяналтын хангалтгүй тогтолцоотой гэж зарлагдсан улсын хүн, хуулийн этгээд, МУТС-тай тэмцэх үндэсний эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээдийг;

“Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа” гэж Иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэхээс өмнө Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд ВХҮҮ-ийн хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрт заасан нягтлан шалгах үйл ажиллагааг;

“Нууцлалын бодлого” гэж Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон олон улсын дүрэм журамд нийцүүлэн ВХҮҮ-ээс Харилцагчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулахаар баталсан цахим баримт бичгийг;

2. ХАРИЛЦАГЧИД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

2.1. Хууль, эрх зүйн шаардлага

Харилцагч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөх өдрийн байдлаар Монгол Улсын холбогдох хуулийн дагуу эсхүл тухайн харьяа улсынхаа хуулийн дагуу өөртөө эрх олж авах болон зохих үүргийг бий болгох чадвартай 18 насанд хүрсэн иргэн байна.

Харилцагчийн үйлдэл нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Авлигын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

Тодруулга: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь харилцагчийн ирүүлсэн зохих баримт бичгийн хүрээнд тухайн харилцагчийн эрх зүйн чадамжийг тодорхойлно. Харилцагч нь Монгол Улсаас бусад улсын харьяат иргэн байх тохиолдолд тухайн харилцагч нь өөрийн харьяа улсын хуулийн дагуу эрх зүйн бүрэн чадамжтай болсон эсэхийг шалгах үүргийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь хүлээхгүй болно.

2.2. Тоног төхөөрөмжийн шаардлага

Харилцагч нь энэхүү Виртуал хөрөнгийн харилцаанд оролцохдоо тухайн харилцаанд ашиглагдах вэбсайт, программ зэргийг ачаалах бүрэн чадамжтай төхөөрөмж болон аюулгүй байдлыг бүрэн хангасан интернэт холболтыг ашиглана.

Тодруулга: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь тухайн Харилцагчийн тоног төхөөрөмжийг зохих шаардлагад нийцэж буй эсэх болон интернэтийн аюулгүй байдлыг нь шалгах эсхүл шалгаж өгөх үүргийг хүлээхгүй болно.

2.3. Техник технологийн мэдлэгийн шаардлага

Виртуал хөрөнгийн харилцаанд оролцоход зохих хэмжээний техник технологийн мэдлэг шаарддаг тул тухайн Харилцагч нь хэрэгцээт техник технологийн мэдлэгийг олж авсан байх шаардлагатай болно.

2.4. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээс тавьж буй шаардлага

Харилцагч нь өмнө нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээс түдгэлзүүлсэн эсвэл цуцлагдсан дансгүй байх, одоо ашиглаж буй данс болон хэтэвчгүй байх шаардлагыг хангасан байна.

3. ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

3.1. Виртуал хөрөнгийн үйлчилгээ

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь платформоор дамжуулан дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

(1) виртуал хөрөнгө, албан ёсны мөнгөн тэмдэгт хооронд арилжих;

(2) нэг болон олон төрлийн виртуал хөрөнгийг хооронд нь арилжих;

(3) виртуал хөрөнгийг шилжүүлэх;

(4) виртуал хөрөнгө, түүнд хамаарах хэрэгслийг хадгалах, удирдах;

(5) виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагаанд оролцох болон үйлчилгээ үзүүлэх.

4. МЭДЭГДЭЛ БОЛОН БАТАЛГАА

4.1. Харилцагчийн мэдэгдэл болон баталгаа

Харилцагч нь дараах зүйлүүдийг мэдэгдэж, баталж байгаа бөгөөд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн энэхүү мэдэгдэл болон баталгааны үндсэн дээр тухайн Харилцагчийн хүсэж буй үйлчилгээг үзүүлж байгаа болно. Үүнд:

(1) Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн танилцуулга болон олон нийтийн сүлжээн дэхь цахим хуудастай танилцсан болохыг;

(2) Харилцагч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг бүрэн уншиж, танилцсан болохыг;

(3) Харилцагч нь доор байрлах “Хүлээн зөвшөөрч байна” гэсэн товчийг дарснаас үүсэх хууль зүйн болон бусад үр дагаврыг бүрэн ойлгож байгаа болохыг;

(4) Харилцагч нь доор байрлах “Хүлээн зөвшөөрч байна” гэсэн товчийг дарснаар энэхүү Үйлчилгээний нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа болохыг;

(5) Харилцагч нь энэхүү Виртуал хөрөнгийн үйлчилгээг аливаа дүр үзүүлэх зорилгоор аваагүй болохыг;

(6) Харилцагч нь энэхүү виртуал хөрөнгийн харилцаанд оролцохдоо аливаа хэлцэл эсхүл эх үүсвэр тодорхойгүй эсхүл хууль бус хөрөнгийн эх үүсвэрийг нуух болон далдлах зорилгоор оролцоогүй болохыг;

(7) Харилцагч нь энэхүү виртуал хөрөнгийн харилцаанд оролцохдоо үнэн санаанаасаа бус эсхүл хөнгөмсгөөр хандаж, түүний илэрнэ гэж урьдаас тооцож, эсхүл уг харилцаанд харшлах хүсэл зоригийг илэрхийлэн оролцоогүй болохыг;

(8) Харилцагч нь энэхүү виртуал хөрөнгийн харилцаанд оролцох эрх зүйн бүрэн чадамжтай болохыг;

(9) Харилцагч нь сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, эсхүл өөрийгөө зөв удирдаж чадахгүй, эсхүл сэтгэцийн түр зуурын сааталд ороогүй болохыг;

(10) Харилцагч нь шаардлагатай зөвшөөрлийг зохих этгээдээс авсан эсхүл аливаа зөвшөөрлийг авах шаардлагагүй болохыг;

(11) Виртуал хөрөнгийн гүйлгээ нь буцаах боломжгүй, залилан мэхлэх шинжтэй, эсхүл өөрийн алдаатай гүйлгээнээс үүдэн гарах хохирол, хор уршиг нөхөн төлөгдөхгүй болохыг;

(12) Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч энэхүү платформд Шимтгэл авахыг;

(13) Харилцагч нь Мөнгө Угаах болон Терроризмыг Санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хамаарах олон улсын гэрээ, конвенц зэргийг зөрчиж, энэхүү виртуал хөрөнгийн харилцаанд оролцоогүй болохыг;

(14) Харилцагч нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аливаа гэмт хэрэг болон өөрийн оршин суугаа улсын гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбогдох хуульд заасан аливаа гэмт хэргийг үйлдэх зорилгоор оролцоогүй болохыг;

(15) Харилцагч нь энэхүү виртуал хөрөнгийн харилцаанд хамаарах Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон олон улсын гэрээ, конвенц эсхүл өөрийн оршин суугаа газрын хууль тогтоомжийг зөрчиж оролцоогүй болохыг;

(16) Монгол Улсаас бусад улсад энэхүү Виртуал хөрөнгийн харилцаанд оролцож байгаа болон бусад шаардлагатай тохиолдолд Харилцагч нь тухайн улсынхаа холбогдох эрх бүхий байгууллагаас энэхүү виртуал харилцаанд оролцох зөвшөөрлийг авсан болохыг;

(17) Харилцагч нь Үйлчилгээний нөхцөлийн 10-р зүйлд заасан “Эрсдэл” хэсэгт дурдсан эрсдэлүүд үүсэж болно гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа болохыг;

(18) Харилцагч нь өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас өөртөө учирсан хохирлыг арилгахыг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээс шаардах эрхгүйг хүлээн зөвшөөрч байгаа болохыг;

(19) Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Платформ дээр байгаа аливаа виртуал хөрөнгөнд баталгаа өгөхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа болохыг;

(20) Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь арилжааны үр дүн, татвар, хууль эрх зүйн талаар зөвлөгөө өгөх үүрэг хүлээхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа болохыг;

(21) Виртуал хөрөнгийн гүйлгээ нь гүйлгээ хийгдсэн хугацаанаас үл хамааран бүртгэлийн системд бүртгэгдсэн хугацаагаар гүйлгээ хийгдсэнд тооцогдохыг Харилцагч нь хүлээн зөвшөөрч байгаа болохыг;

(22) Харилцагч нь зохих үйлчилгээ авсан болон гүйлгээ хийсэн тохиолдолд холбогдох Шимтгэлийг төлнө гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа болохыг;

(23) Виртуал хөрөнгийн талаарх олон улсын хэм хэмжээ, дотоодын хууль тогтоомжоос хамаарч виртуал хөрөнгийн үйлчилгээ болон үнэ цэн огцом өөрчлөгдөх эрсдэлтэй болохыг;

(24) Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөн доор байрлах “Хүлээн зөвшөөрч байна” гэсэн товчийг дарснаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчтэй зохих эрх зүйн харилцаанд оролцож байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа болохыг Харилцагч нь мэдэгдэж, баталж байна.

4.2. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн мэдэгдэл болон баталгаа

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь дараах зүйлүүдийг мэдэгдэж, баталж байгаа бөгөөд Харилцагч нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн энэхүү мэдэгдэл болон баталгааны үндсэн дээр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээс өөрийн хүсэж буй зохих үйлчилгээг авч байгаа болно. Үүнд:

(1) Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж Монгол Улсын холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг хязгаарлагдмал хариуцлагатай компани болохыг;

(2) Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Монгол Улсын хуулийн дагуу Санхүүгийн Зохицуулах хороонд бүртгэлтэй бирж болохыг;

(3) Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид хориглоогүй үйлчилгээг Харилцагчид үзүүлж байгаа болохыг;

(4) Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь олон улсад нийтлэг ашиглагддаг Монгол Улсын холбогдох эрх бүхий байгууллагаас хориглоогүй технологийг ашигладаг болохыг;

(5) Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Монгол Улсын хуульд заасан зохих шаардлагыг хэрэгжүүлэх тогтолцоо, хяналтын системтэй болохыг;

(6) Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Монгол Улсын хууль, тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийг дагаж мөрддөг болохыг;

(7) Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн эрх ашгийг холбогдох хуулийн тогтоомжийн дагуу хамгаална гэдгийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь мэдэгдэж, баталж байна.

5. ХАРИЛЦАГЧИЙН БҮРТГЭЛ, ДАНС:

5.1. Харилцагчийн бүртгэл

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн платформоор дамжуулан энэхүү Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч, Харилцагч таних шалгуурын хангасны үндсэн дээр Харилцагчийн хаягийг үүсгэх бөгөөд Харилцагчийн мэдээлэл, гүйлгээ болон арилжааны түүх, Виртуал хөрөнгийн данстай холбоотой бүхий л мэдээлэл уг хаягт хадгалагдана.

Харилцагч нь өөрийн виртуал хөрөнгийг удирдах Виртуал хөрөнгийн данстай байна.

5.2. Виртуал хөрөнгийн данс, түүний аюулгүй байдал

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Харилцагчийн виртуал хөрөнгийн шилжүүлгийн аюулгүй байдлыг хамгаалахад анхаарна. Харилцагчийн өөрийнх нь үйлдэл эрсдэл үүсгэх боломжтой тул харилцагчийн нэр, нууц үг нь нууц мэдээлэлд хамаарах бөгөөд харилцагч нь уг мэдээллийг аливаа гуравдагч этгээдэд задруулахгүй, дамжуулахгүй байх, хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүрэгтэй. Харилцагч нь өөрийн данс болон нууц үгийн аюулгүй байдлыг хамгаалах хүрээнд тус дансаар хийгдэж буй гүйлгээ бүрд хариуцлага хүлээнэ.

Харилцагч дараах үргийг хүлээж өөрийн хаягийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй болно. Үүнд:

(1) Харилцагчийн нууц үгийг аливаа эрхгүй этгээд ашигласан эсвэл аюулгүй байдлыг хангах дүрмүүдийг зөрчсөн талаар мэдсэн даруй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэх;

(2) Аюулгүй байдал, зарлага, арилжаа, хураамжтай холбогдох виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүхий л дүрэм, журмыг хатуу чанд мөрдөх;

(3) Үйлчилгээг авч дууссаны дараа системээс холбогдох зааврын дагуу гарах;

6. ВИРТУАЛ ХӨРӨНГӨ

6.1. Виртуал хөрөнгө

(1) Виртуал хөрөнгө нь хууль ёсны мөнгөн тэмдэгтэд хамаарахгүй бөгөөд Tөв Банк (Монгол Банк) эсхүл Засгийн газраас баталгаажаагүй болно.

(2) Виртуал хөрөнгө нь хадгаламжийн даатгал эсхүл үнэт цаасны хөрөнгө оруулагчдыг хамгаалах аливаа даатгалд хамрагдаагүй болно.

6.2. Гүйлгээ

Харилцагч нь Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөг болон бусад валютын хэлбэрийг ашиглан өөрийн бүртгэлтэй Мөнгөн хөрөнгийн данс руу мөнгөн шилжүүлгийг хийж болно.

Анхааруулга:

  • Виртуал хөрөнгийн гүйлгээ нь тухайн гүйлгээ хийгдсэн хугацаанаас үл хамааран бүртгэлийн системд бүртгэгдсэн хугацаагаар гүйлгээ хийгдсэнд тооцно.

  • Төгрөгийн дансанд төгрөгөөс бусад валютаар орлого хийх тохиолдолд уг мөнгөн дүн тухайн шилжүүлсэн байгууллагын тогтоосон валютын ханшаар хөврөн Төгрөгийн дансанд орох болно.

  • Техник, интернэт эсхүл бусад гаднын нөлөөнөөс хамааран тухайн гүйлгээ нь саатах эсхүл буцаагдаж болно.

  • Харилцагчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас хийсэн гүйлгээг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь хариуцахгүй болно.

6.3. Шимтгэл

Харилцагч нь зохих үйлчилгээ, гүйлгээ, орлого, зарлага болон бусад хэлбэрийн арилжааг хийсэн тохиолдолд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тогтоосон буюу энэхүү арилжааны платформ дээр заасан хувиар зохих Шимтгэлийг төлнө.

Анхааруулга:

  • Орлого, зарлага хийхэд банк болон тухайн харилцагчийн хандсан байгууллагаас тогтоосон бусад төрлийн шимтгэл тооцогдож болно.

  • Алдаатай оруулсан мэдээлэл эсхүл зохих Шимтгэл дутсанаас хамааран тухайн гүйлгээ буцаагдаж болно.

  • Харилцагч нь хийсэн орлогоороо арилжаанд оролцохгүйгээр зарлага хийсэн тохиолдолд зарлагын шимтгэлээс чөлөөлөгдөхгүй болно.

7. ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

7.1. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх

(1) Харилцагч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ зөрчсөн, биелүүлээгүй эсхүл биелүүлэх боломжгүй болсон гэж үзсэн тохиолдолд тухайн Харилцагчийн үйлчилгээ авах эрх болон хаягийг нь хязгаарлах эсхүл хаах хүртэл арга хэмжээг авах эрхтэй байна.

(2) Харилцагч нь Мөнгө Угаах болон Терроризмыг Санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хууль эсхүл бусад холбогдох хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн Харилцагчийн асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагад хандах эрхтэй байна.

(3) Харилцагчийн орлого, зарлага, арилжааны болон бусад түүхийг зохих шалтгааны улмаас устгахгүй байх эрхтэй байна.

(4) Монгол Улсын болон Гадаад Улсын эрх бүхий төрийн байгууллагаас аливаа харилцагчийн мэдээллийг зохих хуулийн үндсэн дээр шаардсан тохиолдолд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь тухайн харилцагчийн мэдээллийг гаргаж өгөх эрхтэй байна.

(5) Харилцагчийн энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан зохих үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

(6) Харилцагч нь бүртгүүлэхдээ худал мэдээлэл оруулсан, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн нэр хүндэд халдсан, олон нийтэд худал мэдээлэл тараасан, Платформын үйл ажиллагаанд өөрийн биеэр эсхүл цахим хэлбэрээр халдахыг оролдсон, арилжааны ханшийг санаатайгаар өсгөж, бууруулсан нь тогтоогдсон тохиолдолд тухайн Харилцагчийн дансыг түр болон дахин ашиглах боломжгүйгээр хаах эсхүл хязгаарлах болон бусад шаардлагатай арга хэмжээг авах эрхтэй байна.

(7) Харилцагч нь виртуал хөрөнгийн арилжаанд оролцохдоо виртуал хөрөнгийн үнэ ханшид огцом нөлөөлсөн, зохиомлоор тогтоосон, дотоод мэдээллийг урвуулан ашигласан, хууль, тогтоомж, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлах үйлдэл гаргасан тохиолдолд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь харилцагчийн дасныг битүүмжлэх, виртуал хөрөнгийг царцаах, арилжааг цуцлах, эрх бүхий байгууллагад мэдэгдэх зэрэг шаардлагатай бусад арга хэмжээг авах эрхтэй байна.

7.2. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг

(1) Виртуал хөрөнгөнд холбогдох мэдээллийг Харилцагчид үнэн зөв хүргэх үүрэгтэй байна.

(2) Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 4.2-р зүйлд заасан Мэдэгдэл болон баталгааны үнэн зөв байдлыг хариуцах үүрэгтэй байна.

(3) Харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг холбогдох хуулийн дагуу чанд хамгаалах үүрэгтэй байна.

(4) Харилцагчийн мөнгөн болон виртуал хөрөнгийг найдвартай буюу холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хадгалах үүрэгтэй.

(5) Зохицуулагч байгууллагаас мөрдүүлж буй арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй.

8. ХАРИЛЦАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

8.1. Харилцагчийн эрх

(1) Харилцагч нь виртуал хөрөнгийг чөлөөтэй арилжиж, хадгалж, шилжүүлэх эрхтэй байна.

(2) Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан зохих үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

8.2. Харилцагчийн үүрэг

(1) Харилцагч нь өөрт холбогдох баримт бичгийг үнэн зөв ирүүлэх үүрэгтэй болно.

(2) Харилцагч нь өөрийн Виртуал хөрөнгийн данс болон фиат валютын дансанд зохих хяналт тавих үүрэгтэй болно.

(3) Харилцагч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 4.1-р зүйлд заасан Мэдэгдэл болон баталгааныхаа үнэн зөв байдлыг бүрэн хариуцах болон хадгалах үүрэгтэй байна.

(4) Өөрт холбогдох мэдээллээ үнэн зөв бөглөх үүрэгтэй байна.

(5) Өөрийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд Харилцагч нь Платформд нэвтэрч тухайн өөрчлөгдсөн мэдээллийг нэн даруй шинэчлэн хадгалах, шаардлагатай тохиолдолд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зохих албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй байна.

(6) Өөрийн Хаяг, Виртуал хөрөнгийн данс, фиат валютын дансанд сэжигтэй тохиолдол илэрвэл Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байна.

(7) Харилцагч нь аливаа этгээдэд өөрийн Хаяг, Виртуал хөрөнгийн данс эсхүл фиат дансыг хуульд хориглосон, зөвшөөрсөн эсхүл хуульд заагаагүй ямарч нөхцлөөр шилжүүлэхгүй, ашиглуулахгүй байх үүрэгтэй.

(8) Үйлчилгээг аливаа хууль тогтоомж, Үйлчилгээний нөхцөл болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн Үйлчилгээний бусад нөхцөл, шаардлагад нийцүүлж ашиглах үүрэгтэй байна.

(9) Үйлчилгээг ашиглахдаа нийтийн эрх ашиг, ёс суртахуун, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг болон бусад этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчих, сөргөөр нөлөөлөх, таслан зогсоох үйлдэл хийхгүй бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн Үйлчилгээг бусад харилцагч ашиглахад хориг саад учруулахгүй байх үүрэгтэй байна.

(10) Үйлчилгээг зах зээлийн луйвар хийхэд ашиглахгүй байх үүрэгтэй байна (тухайлбал, хэт хөөргөдөл болон огцом уналтын төлөвлөгөө боловсруулах, хууль бус худал мэдээлэл түгээх, өөртэйгөө арилжаа хийх, мэдээллийг урьдчилж авах тохиролцоо хийх, их хэмжээний хуурамч захиалга хийх, халхавчлах эсвэл давхар захиалга хийх зэргээр хуулиар хориглосон эсэхээс үл хамаарч энэ төрлийн үйл ажиллагаанууд);

(11) Өөрийн нэвтрэх нэр, нууц үг болон бусад мэдээллийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд бусдад задруулсан тохиолдолд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь ямар ч тохиолдолд хариуцахгүй болно.

9. МӨНГӨН ХӨРӨНГӨ ТАТАХ БОЛОН ШИЛЖҮҮЛЭХ, ЗАХИАЛГА

9.1. Мөнгөн хөрөнгө татах

Харилцагч нь өөрийнхөө хүсэл зоригийн дагуу өөрийн Мөнгөн хөрөнгийн данснаас мөнгөн хөрөнгө татаж болно.

9.2. Мөнгөн хөрөнгө шилжүүлэх

Харилцагч нь өөрийнхөө хүсэл зоригийн дагуу тодорхой дүнтэй мөнгөн хөрөнгийг өөрийн Виртуал данс руу виртуал хөрөнгө болгон шилжүүлж болно.

9.3. Захиалга өгөх, цуцлах

(1) Харилцагчийн захиалга хэсэгчлэн эсвэл бүхэлдээ платформ дахь өөр нэг харилцагчийн захиалгатай тохирсон тохиолдолд арилжих хэлцэл хийгдэнэ.

(2) Бусад харилцагчийн захиалгатай тохирохоос өмнө харилцагч захиалгаа цуцлах боломжтой байна.

(3) Харилцагчийн захиалга бусад харилцагчийн захиалгатай тохирсон тохиолдолд тухайн захиалга нь шууд биелдэг тул тухайн захиалгыг цуцлах, өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй болно.

10. ЭРСДЭЛ

Анхааруулга: Виртуал хөрөнгө нь Монгол Улсад төдийгүй бусад улс орнуудад шинээр бий болсон үнэт зүйл тул доор заасан эрсдэлүүдээс бусад эрсдэл үүсэж болзошгүй болно.

Виртуал хөрөнгийн онцлогоос хамааран дараах эрсдэл үүсэж болохыг Харилцагч нь хүлээн зөвшөөрч байгаа болно. Үүнд:

10.1. Нийтлэг эрсдэл

Виртуал хөрөнгийн харилцаанд дараах нийтлэг эрсдэлүүд үүсэж болно. Үүнд:

(1) Тайлбарлах боломжгүй үнийн хэлбэлзэл үүсэх,

(2) Урьдчилан тооцоолох боломжгүй бусад нийтлэг эрсдэл үүсэх.

10.2. Виртуал хөрөнгөнд холбогдох эрсдэл

(1) Виртуал хөрөнгө нь хууль ёсны мөнгөн тэмдэгтэд хамаардаггүй бөгөөд Монгол Банк эсхүл Монгол Улсын засгийн газраас баталгаажаагүй тул аливаа виртуал хөрөнгөнд тогтсон үнэ гэж байхгүй болно.

(2) Виртуал хөрөнгийг Хадгаламжийн даатгал, үнэт цаасны хөрөнгө оруулагчдыг хамгаалах даатгал болон бусад төрлийн даатгалд хамруулж болохгүй болно.

(3) Гаднын нөлөөнөөс буюу виртуал хөрөнгөнд холбогдох олон улсын хэм хэмжээ, дотоодын хууль тогтоомжоос хамаарч виртуал хөрөнгийн үйлчилгээ болон аливаа виртуал хөрөнгийн үнэ цэн огцом өөрчлөгдөж болно.

(4) Урьдчилан тооцоолох боломжгүй бусад эрсдэл виртуал хөрөнгөнд үүсэж болно.

10.3. Гаднын нөлөөлөлтэй эрсдэл

(1) Виртуал хөрөнгийн үнэ цэн нь зах зээлд оролцогчдын эрэлт хэрэгцээгээр тодорхойлогдох тул үнэ цэнийн хэлбэлзлээс хамаарч их хэмжээний алдагдал Харилцагч нь хүлээж болно.

(2) Виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ нь залилан мэхлэх болон цахим халдлагад өртөх өндөр магадлалтай болно.

(3) Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид технологийн хүндрэл гарсан тохиолдолд харилцагч өөрийн виртуал хөрөнгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болж болно.

(4) Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн өмчилж, эсхүл эзэмшиж байгаа хөрөнгө нь харилцагчид учирсан хохирлыг бүрэн барагдуулж хүрэлцэхгүй байж болно.

(5) Виртуал хөрөнгийн гүйлгээ нь буцаах боломжгүй, залилан мэхлэх шинжтэй, эсхүл алдаатай гүйлгээний улмаас харилцагчид учирсан хохирол нь нөхөн төлөгдөх байх эрсдэл учирч болно.

(6) Бусад урьдчилан тооцоолох боломжгүй шалтгааны улмаас сүлжээ тасарч, тасалдаж болзошгүй болно.

11. ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ХАРИУЦЛАГА

11.1. Нийтлэг хариуцлага

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь дараах хариуцлагыг хүлээнэ. Үүнд:

(1) Платформын хэвийн ажиллагааг хариуцан ажиллах;

(2) Платформыг зохих халдлагаас хамгаалах;

(3) Харилцагчийн эрх, ашгийг хуулийн заасан хэмжээнд хамгаалах;

(4) Хуульд заасан бусад хариуцлагыг хүлээн ажиллана.

12. ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ

12.1. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлага хүлээхгүй байх болон хязгаарлагдах нөхцөл байдал

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь дараах тохиолдолд зохих хариуцлага хүлээхгүй болно. Үүнд дараах зүйл хамаарах боловч зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй болно:

(1) Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн ажиллуулж буй систем, платформын аливаа доголдлоос эсхүл бусад шалтгааны улмаас алдагдсан харилцагчийн боломжид;

(2) Харилцагчийн ашигласан төхөөрөмж эсхүл интернэт холболт зэргээс үүссэн, алдаатай гүйлгээнээс үүссэн хохиролд;

(3) Харилцагчийн буруутай ажиллагаанаас шалтгаалан үүссэн цахим халдлага (хакерын ажиллагаа) болон түүнээс үүссэн хохиролд;

(4) Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 4.1-р зүйлийг зөрчсөнөөс үүссэн хариуцлагад;

(5) Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 18-р зүйлд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд;

(6) Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь харилцагчийн брокер, зуучлагч, төлөөлөгч эсвэл зөвлөх биш тул харилцагчийн арилжаа хийх шийдвэр гаргалтад нөлөөлөх, түүнтэй холбогдох аливаа үүрэг, хариуцлага хүлээхгүй болно. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээс гаргасан мэдэгдэл, мэдээ, мэдээлэл нь ямар ч тохиолдолд хөрөнгө оруулалт, санхүү, арилжааны зэрэг аливаа бусад төрлийн зөвлөгөө биш болно. Үйлчилгээний Нөхцөлд зааснаас бусад бүх тохиолдолд арилжаа нь автоматаар хийгдэх бөгөөд зөвхөн харилцагчийн өөрийн хөрөнгө оруулалтын шийдвэрээс шалтгаалах тул эрсдэлээ тооцоолж, учирч болох хохирол, алдагдлыг зөвхөн харилцагч өөрөө бие даан хариуцна.

(7) Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хяналтаас гадуур бусад асуудлын хүрээнд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь тус тус хариуцлага хүлээхгүй болно.

13. МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ

13.1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх

Харилцагч болон Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Мөнгө Угаах болон Терроризмыг Санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг эсхүл олон улсын хэмжээнд хэрэгждэг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай гэрээ, конвенц зэргийг дагаж мөрдөх үүрэгтэй болно.

13.2. Харилцагчийг таньж мэдэх

(1) Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон 2019 оны 1-р сарын 21-ний өдөр Монгол Банкны Ерөнхийлөгчийн А-26 дугаар тушаалын хавсралтаар баталсан Мөнгө угаах, Терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмын дагуу болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг явуулж болно.

(2) Платформд бүртгүүлэхийн тулд гаргаж өгч буй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээс шаардсан харилцагчийн хувийн мэдээллүүдийг дараах зорилгуудад ашиглана. Тухайлбал: харилцагчийг таньж мэдэх ажиллагаа, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, залилан мэхлэх болон бусад төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг платформоор дамжуулж хийж байгаа эсэх эсвэл виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээс тодорхойлсон, хуульд нийцсэн бусад зорилгоор хэрэглэгдэнэ.

(3) Харилцагч тухайн мэдээллийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид өгснөөр харилцагчийн данс идэвхтэй байх хугацаанд болон данс хаагдсанаас зохих хуульд заасан хугацаанд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид эдгээр мэдээллийг хадгалах эрхийг олгож байгаа болно.

(4) Харилцагч нь өөрийгөө болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг санхүүгийн луйвраас хамгаалах, харилцагчийг шууд шалгах эсвэл гуравдагч этгээдээр шалгуулах эрхийг олгож байгаа болно. Харилцагчаас шаардах мэдээлэлд харилцагчийн нэр, цахим хаяг, холбоо барих мэдээлэл, утасны дугаар, иргэний үнэмлэх, төрсөн огноо зэрэг дансны бүртгэлийн явцад шаардах эдгээрээр хязгаарлагдахгүй мэдээлэл хамаарна.

(5) Харилцагч мэдээллийг гаргаж өгснөөрөө тухайн мэдээлэл үнэн зөв, бүрэн болохыг баталгаажуулж байгаа гэж үзнэ. Бүртгэлийн дараа, харилцагч бүртгэлд өгсөн өөрийн хувийн мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг хадгалах, тухай бүр нь шинэчилж байх үүрэгтэй.

(6) Харилцагчийн өгсөн мэдээлэл худал, буруу, хуучирсан зэрэг үндэслэл гарвал засах, устгах мэдэгдлийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч илгээх бөгөөд энэ тохиолдолд харилцагчийн ашиглаж буй үйлчилгээг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн зогсоож болно.

(7) Харилцагчийн өгсөн холбоо барих мэдээллийн дагуу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч харилцагчтай холбогдож чадаагүй тохиолдолд түүний үр дагавраар бий болсон аливаа хохирлыг харилцагч бүрэн хариуцна.

(8) Харилцагчийн бүртгэлийн мэдээлэлд аливаа өөрчлөлт орвол тухай бүр нь шинэчлэх үүрэгтэй болохыг харилцагч ийнхүү хүлээн зөвшөөрч байгаа болно. Мөн харилцагчийн мэдээллийг санхүүгийн гэмт хэрэг, луйвраас сэргийлэх зорилгоор, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг шалгах ажиллагаанд ашиглах зорилгоор эрх бүхий гуравдагч этгээдэд өгч болохыг харилцагч хүлээн зөвшөөрч байгаа болно.

14. ҮЙЛЧИЛГЭЭ ХЯЗГААРЛАГДАХ НӨХЦӨЛ БАЙДАЛ

Дараах тохиолдолд Платформын үйлчилгээг хязгаарлана. Үүнд:

14.1. Гаднын нөлөө

Гуравдагч этгээдийн халдлага буюу (1) хакерын халдлага, (2) системийн вирусийн халдлага, (3) харилцаа холбооны технологийн тохируулга, шинэчлэлт, засвар, (4) техникийн алдаа, (5) банкны аюулгүй байдал эрсдэлд орсон тохиолдолд, (6) төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, (7) холбогдох талын үйл ажиллагааны доголдол, (8) холбогдох этгээдийн системийн эсхүл сүлжээний доголдол, (9) энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 18-р зүйлд заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл зэргээс шалтгаалан тухайн асуудлыг шийдвэрлэх хүртэл Платформын үйлчилгээг түр зогсоож болно.

Дээр дурдсан аль нэг тохиолдолд Харилцагчийг хамгаалах, болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх зорилгоор платформын үйл ажиллагааг зохих хугацааны өмнөх байдалд буцаан шилжүүлэн ажиллуулж болно.

14.2. Дотоод асуудал

Платформын сайжруулалт хийх болон бусад асуудлыг шийдвэрлэх тохиолдолд Виртуал хөрөнгийн үйлчилгээг түр зогсоож болно.

15. НУУЦЛАЛ

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь Монгол Улсын холбогдох хуулийн дагуу Харилцагчийн нууцыг хадгална.

16. ТАТВАР

16.1. Харилцагчид хамаарах татвар

Монгол Улсын болон тухайн Харилцагчийн өөрийн байгаа газрын холбогдох хуулийн дагуу үүссэн Харилцагчид холбогдох татварын бүхий асуудлыг тухайн Харилцагч нь бие даан буюу Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг оролцуулахгүйгээр хариуцна.

17. ХАРИЛЦАГЧИЙН ДАНСЫГ ХААХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ЦУЦЛАХ

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд харилцагчийн дансыг хаах, түдгэлзүүлэх, цуцлах эрхтэй байна. Үүнд:

17.1. Дансыг Түдгэлзүүлэх

Харилцагч өөрийн дансыг ашиглахдаа холбогдох хууль тогтоомж, энэхүү Үйлчилгээний Нөхцөлийг зөрчсөн гэж сэжиглэсэн тохиолдолд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь тухайн дансны хөдөлгөөнийг хаах, түр хугацаанд царцаах эрхтэй. Энэ тохиолдолд харилцагчийн дансыг түр эсвэл байнгын хугацаагаар царцааснаас үүсэх үр дагаврыг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч тухайн дансны мэдээллийг хадгалах болон ашиглах эрхтэй байна. Дараах тохиолдолд дансны хяналтыг заавал хэрэгжүүлнэ. Үүнд:

(1) Тухайн данс нь засгийн газрын байгууллагын үйл ажиллагаа, эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эсвэл шүүхээр шийдвэрлэж буй аливаа маргаанд хамааралтай байх;

(2) Тухайн данстай холбоотой хууль бус үйл ажиллагааг илрүүлсэн;

(3) Тухайн дансанд зөвшөөрөлгүй нэвтэрсэн тохиолдлыг илрүүлсэн;

(4) Шүүх болон эрх бүхий байгууллагаас шаардсан;

Харилцагч нас барсан тохиолдолд түүний хууль ёсны өв залгамжлагч хуульд заасны дагуу Харилцагчийн эд хөрөнгийг өвлөсөн тухай хууль ёсны баримт бичгийг үндэслэн харилцагчийн өв нээгдэх хүртэл хугацаанд дансыг царцаах бөгөөд өв залгамжлагчийн шинээр нээсэн дансанд харилцагчийн дансны үлдэгдлийг шилжүүлж, харилцагчийн дансыг хаана.

17.2. Дансыг Цуцлах

Дараах тохиолдолд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч харилцагчийн дансыг шууд цуцлах эрхтэй байна.Үүнд:

  • Харилцагч бусад этгээд, хүний нэрийг ашиглан харилцагчаар шууд болон шууд бусаар дахин бүртгүүлсэн, бүртгүүлэхээр оролдсон;

  • Харилцагчийн бүртгэл дэх мэдээлэл худал, хуучирсан, бүрэн бус байсан;

  • Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт ороход харилцагч тухайн нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрөхгүй үндэслэлээр дансаа цуцлах хүсэлт гаргасан;

  • Харилцагч үйлчилгээг дуусгавар болгох хүсэлт гаргасан;

  • Үйлчилгээний Нөхцөлд хориглосон заалтыг зөрчсөн, хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон;

  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс дансыг цуцлах бусад үндэслэл тогтоогдсон;

17.3. Дансыг цуцалсны дараах дансны үлдэгдлийг зохицуулах

Дансыг цуцалсны дараах дансны үлдэгдлээс харилцагчийн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид төлөх шимтгэлийг тэргүүн ээлжид суутгаж төлүүлэх бөгөөд үлдэгдлийг данс цуцалснаас хойш ажлын 5 хоногийн дотор авах боломжтой.

Үйлчилгээний Нөхцөл, хууль тогтоомжийг зөрчсөн эсвэл луйвар хийсэн зэрэг үндэслэлээр дансыг цуцалсан тохиолдолд дансны үлдэгдлийг битүүмжлэх бөгөөд эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд Үйлчилгээний шимтгэлээ суутгаж үлдсэн дүнг эрх бүхий байгууллагын тодорхойлсон дансанд шилжүүлнэ.

18. ГЭНЭТИЙН БУЮУ ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

18.1. Тодорхойлолт

Гэнэтийн буюу Давагдашгүй хүчин зүйл гэдэг нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хяналтаас гадуур буюу урьдчилан тооцоолох эсхүл таамаглах боломжгүй, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн энэхүү Үйлчилгээний нөхцөлд дурдсан эсхүл виртуал хөрөнгөнд холбогдох үйлчилгээг үзүүлэх боломжгүй болох нөхцөл байдлыг ойлгоно. Үүнд дараах зүйлүүд орох боловч зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй болно: газар хөдлөлт, хүчтэй салхи, түймэр аянга, үер, ган зэрэг байгалийн гамшиг, цацраг идэвхт бодисын хордуулалт, олон улсын шинжтэй хил боомт хаагдах (аль нэг талдаа), хяналтаас гадуур интернэтийн хязгаарлалт, хөдөлмөрийн маргаанаас үүдсэн өргөн хэмжээний эмх замбараагүй байдал, ажил хаялт, аж үйлдвэрийн бусад үйл явдал, цар тахал, дайн, дайн бүхий байдал, хорио цээр, төр засгийн шийдвэр, бусад арга хэмжээ болон нийгмийн онцгой байдал зэрэг хамаарна.

18.2. Гэнэтийн буюу Давагдашгүй хүчин зүйлд холбогдох хариуцлагын хязгаарлалт

Дээр дурдсан нөхцөл байдал үүссэний улмаас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч виртуал хөрөнгөнд холбогдох үйлчилгээг үзүүлээгүй эсхүл тасалдуулсан тохиолдолд зохих хариуцлагаас чөлөөлөгдөх бөгөөд холбогдох үүргийг хүлээхгүй болно.

19. ЗОХИЦУУЛАХ ХУУЛЬ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

19.1. Зохицуулах хууль

Энэхүү Үйлчилгээний нөхцөлд холбогдох маргааныг Монгол Улсын холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ.

19.2. Маргаан шийдвэрлэх

Энэхүү Үйлчилгээний нөхцөлд холбогдон үүсэх аливаа маргааныг Талууд зөвшилцөх аргаар шийдвэрлэнэ. Зөвшилцөөд шийдэлд хүрч чадаагүй тохиолдолд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрт хандан шийдвэрлүүлнэ.

20. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ ДУУСГАВАР БОЛОХ

Үйлчилгээний нөхцөл нь харилцагч өөрийн Хаягийг хаалгах хүсэлт илгээн, тухайн хүсэлтийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь хүлээн авснаар Үйлчилгээний нөхцөлд дурдсан тодорхой зүйл дуусгавар болно.

Last updated